Куприн Александр

Оросын нэрт зохиолч Александр Иванович Куприн 1870 оны 8 дугаар сарын 26-нд Пензенск мужийн Наровчате хотод түшмэлийн гэр бүлд төржээ. Хүүгээ төрсний хойтон жил эцэг нь өөд болж, тэднийх Москвад шилжин суурьшжээ. Түүнийг 6 настайд нь Москвагийн Разумовын өнчин хүүхдийг асрах газарт илгээж, улмаар 1880 онд Москвагийн цэргийн сургуульд элсүүлж тэндээсээ Александровын цэргийн сургуульд суралцжээ. А.Куприны утга зохиол сонирхон оролдох туршилт нь шүлгээр эхэлсэн боловч ямар нэг хэвлэлд нийтлүүлсэнгүй. Харин 1889 онд анхны өгүүллэгээ бичиж хэвлүүлжээ. 1890 онд Днепровын явган цэргийн хороонд бага дарга цолтойгоор алба хаах болж, офицерийн амьдралын энд өнгөрүүлсэн дөрвөн жил нь ирээдүйнх нь зохиол бүтээлийн баялаг их санаа сэдлийг олж авах боломжийг олгожээ. 1893 оноос эхлэн А.Куприны тууж өгүүллэгүүд Петербургийн 'Русское богатство' 'Оросын баялаг' сэтгүүлд хэвлэгдэх болов.